Аз жаргалын хэлтэрхий

            Эгч амраад гэртээ ирлээ ингээд манайх гэдэг айл халуун ам бүлээрээ цуглав. Хамт хооллож хамт хөдөлмөрлөн элдвийг ярьж хөөрөн суух үнэхээр жаргалтай. Аав ээж минь бидний бага насны хөгжилтэй түүхүүд болон хамтдаа даван туулсан, хамт өнгөрүүлсэн мөч бүрийг дурсан ярихад аав ээж залуу насаа дурсан санаж харин эгч бид хоёр сонирхон сонсоно. Үүн дундаас хамгийн сонсох дуртай түүх бол тэдний анх танилцсан үе. Үүнийг олон удаа яриулж байсан ч сонсохоос хэзээ ч уйддаггүй. Харин аав ээж минь бидний балчир эгдүүтэй үеийг дурсан ярьж өхөөрдөн инээх үнэхээр дуртай. Дурсамж гэдэг гайхалтай. Халуун бүлээрээ цуглан алдаа оноогоо хэлэлцэж дурсан суух юутай жаргалтай.
            Намрын хяруун дээр хөл нүцгэн яв миний хүүхдүүд гэж аав минь биднийг босголоо. Цайгаа уучхаад өглөөний наранд биеэ ээнгээ шүүдрийн дуслууд дээр хөл нүцгэн гишгэх гайхалтай. Гадаа болжмор жиргэж, нар бүлээнээр ээнэ. Саахалтын үнээ тугалын мөөрөх чимээ, хүүхдийн шуугилдах нохой хуцахаас өөр чимээ үгүй. Өчигдөр орсон борооны хар чийг дээш харван өвс ногоо, гэр байшин, газар гээд л бүх зүйл дээр шүүдрийн мөнгөн дуслууд гялтганана. Эртлэн боссон айлын хүүхдүүд гудамж талбайгаар тоглон шуугилдана.  Энэ хорвоогийн хамгийн амгалан тайван газар төрсөн нутаг минь л юмдаа.
Аав бид хоёр хийж бүтээх ажлаа хийн амсхийх завгүй зүтгэнэ. Ээж ажилдаа явна. Эгч гал тогоо барина. Зуны баагим халууныг гадаа байгаа аав бид хоёр үл анзаарна. Хоол болсон дуугаар эргэн цуглаж халуун бүлээрээ хөгжилдөн сууна. Хоолоо идчихээд дахиад ажилдаа. Өдөржин ажилласны эцэст эвэршиж хатуурсан гар цэвэрлэж тордсон хашаа хийж бүтээсэн бусад зүйлсийг хархад сэтгэлд таатай. Орой болоход дахин цуглацгааж хоолоо идчихээд дахин хөгжилдөж зуны сайхныг мэдрэн гадаа сууцгаана. Ирээдүйгээ ярилцан ирээдүйгээ бүтээх гэж хамтдаа хөдөлмөрлөх юутай жаргалтай.

Popular posts from this blog

Дэлхийн шилдэг 30 зохиол

Амьдрал үнэхээр сонин

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа