Монгол менежмент алсын хараа биеэ засаад гэрээ зас үгний учир

Ойрдоо завтай бөгөөд интернет хэрэглэх боломжтой болсон учир блогтоо хэдэн нийтлэл бичиж сууна. Монголчууд эртнээс юмыг ул суурьтай сайн сэтгэж маш сайн хийсэн байдгийг олон судаач хэлсэн байдаг төдийгүй одоо ч эрт үед сэтгэж бодсон зүйл нь хоцрогдолгүй барууны шинжлэх ухааны мухардлуудад гарц болсоор байна. Жишээлбэл мал маллах ухаан нүүдлийн соёл нь байгалийн нөөцийн зохистой хэрэглээ болон бусад глобал асуудлуудыг хөнддөггүй гайхалтай байдаг бол хүүхдийг хайр болон хөдөлмөрөөр хүмүүжүүлэх гэр бүлийн арга нь зөв төлөвшилтэй хүн бүтээдэг гэдгийг саяхнаас ярьцгааж байна. Хэдий тийм ч манжийн дарлал, түүхэн дэх олон удаагийн уналт босолтуудаас үүдэн ихэнх соёл, ур ухаан нь сайн өвлөгдөж чадаагүй билээ. Гэсэн хэдий ч их ухаанаас нь ард түмний хэл соёлд шингэн үлдсэн байдагийн тод жишээ бол зүйр үг юм.
Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэдэг уламжлагдан ирсэн ардын зүйр үг нь өөрийн алдааг ухамсарлаж биеэ зөв удирдаж чаддаггүй улс орон овог аймаг удирдах нь бүү хэл өрх гэр толгойлж гэр бүлээ ч тэжээж чадахгүй иймээс аливаа юмыг багаас нь эхэлж чадвар эзэмшсэн хойноо ачаалал ав гэсэн утгатай үг юм. Энэ үг хүүхэд хүмүүжүүлэхээс эхлээд гэр бүл болох төрийн ажил хэрэгт орход сургаал болон хэрэглэгдэж ирсэн билээ. Мөн өөрийн биеэ зөв удирдаж авч явж чадахгүй хүн бусдыг удирдах нь бүү хэл гэр бүлээ ч толгойлж чадахгүй гэдгийг сануулж байдаг.

Харин барууны шинжлэх ухаанд хүний нөөцийн менежмент хөгжсөөр энэ хандлагыг шингээж өгсөн байдаг. Жишээлбэл томоохон компаниуд өндөр төвшний удирдах албаны менежерийн албан хүн сонгон томилохдоо ур чадвар ойролцоо байсан ч залуу хүнийг сонголгүй амьдрал нь тогтворжсон, туршлагатай нас тогтсон хүнийг сонгохыг илүүд үздэг. Үүний хамгийн том шалтгаан нь нас тогтсон хүн аливаа хямралыг даван туулах чадвартай цаашлаад юу ч тохиолдсон хямралд өртөлгүй ажил үүргээ урт хугацаанд баталгаатай гүйцэтгэх чадвартай байдаг. Хямрал гэдэг нь хайр сэтгэл, гэр бүл салалт ,үхэл хагацал өвчин зовлон гэх мэт хүний амьдралд тохиолддог гэнэтийн зүйлс байдаг бөгөөд залуу ажилчдын хувь мэдлэг ур чадвар өндөр байсан ч эдгээр хямралуудыг эмзэгээр хүлээн авч тодорхой уналтад ордог харин нас тогтсон менежерүүд ихэнхдээ даваад өнгөрүүлсэн эсвэл давж гарах сэтгэлийн хат туршлага суусан байдаг. Хэдий жижиг зүйл мэт боловч энэхүү хямралууд стратегийн түвшиний удирдлагад нөлөөлвөл үндэстэн дамнасан корпораци, томоохон компани төдийгүй улс орны эдийн засагт ч томоор нөлөөлөх боломжтой. Харин монголчууд үүнийг эрт дээр үеэс харж байж. Гэвч одоо монгол улс хүн ам цөөн, байгууллага цөөтэйгөөс болж залуу хүмүүс удирдах албанд эрт очиж хямралаас үүдэлтэй алдаа гаргах нь элбэг байна.

Popular posts from this blog

Дэлхийн шилдэг 30 зохиол

Амьдрал үнэхээр сонин

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа